Эрүүл мэндийн төвийн товч танилцуулга
Эрүүл мэндийн төвийн товч танилцуулга
БНМАУ –ын Бага хурлын тэргүүлэгчдийн 35 –р хурлын тогтоолоор Тус Эрүүл мэндийн төв нь 1942 онд “Цагаан овоо”  хэмээх газар 2 гэртэй 2 орон тоотойгоор хүний эмнэлэг нэртэйгээр анх байгуулагджээ. Анхны бага эмчээр Баянлиг сумын иргэн Гомбожавын Нацаг ажиллаж байжээ. Эмнэлэг анх 2 гэртэй байгуулагдсан бөгөөд хоёр ортой гэж тооцогдож байсан хэдий ч бодит байдалд хоёр ор ажиллуулах боломжгүй эмийн сангүй эмээ аймгаас татдаг, гэдэсний эм стрептоцидоос өөр эмгүй, харин сүүл рүүгээ кальцихлорид, сульфаден ирдэг болсон. Иргэдэд дуудлагаар явж үйлчилдэг, дуудлага өгсөн хүн унаагаа авч ирдэг байв. 1945 онд Эд хэрэглэгчдийн хоршооноос ноос авч сумын албан хаагчдын хүчээр эсгий хийж гэрээ бүрээсжүүлсэн байна. Салбарын эрхлэгч Г.Нацаг 1946 оны 10 дугаар сард Баянлиг сум руу шилжиж бага эмч н.Цэдэвт ажлаа хүлээлгэн өгч байжээ. Бага эмч н.Цэдэв  удалгүй шилжин бага эмч н.Лодойдамба, дараа нь Дашдоржийн Лувсан ажиллажээ. 1944 онд аймгийн төвд Хүн эмнэлгийн саниторч нарыг бэлтгэх 45 хоногийн курс хийгдсэн байна. Уг курст Б.Дулмаа,Ц.Пагамдулам,Д.Должин нар суралцан төгсч улмаар 2,3 дугаар багийг Б.Дулмаа, 4 дүгээр багийг Ц.Пагамдулам, 5,6 дугаар багийг Д.Должин хариуцан ажиллажээ. Багууд саниторчтой болсноор Хүн эмнэлгийн үйлчилгээ үлэмж өргөжсөн байна. Хүн эмнэлгийн салбарын ажилтанууд тухайн үеийн гол зорилт нь хүн ардын эрүүл мэндийг шалгах, элдэв өвчин ялангуяа яр хүйтэн, өвчнийг анагаах ажил эрхлэж байжээ. 1948 оны эхээр гахай хавдар,1950 оны эхээр улаан бурхан, цусан суулга өвчин дэлгэрч сумын төвд 7-14 хоногийн хорио цээр тогтоож байжээ. 1952-1953 онд одоогийн Богд сумын их эмчийн салбарт харьяалагдаж материаллаг бааз нь өргөжин 5 гэртэй, 1 их эмч, 2 сувилагч, 2 асрагч, эмийн санчтай болон өргөжиж 8 ор ажиллуулан , иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байсан. 1954-1956 оноос Баянлиг сумын их эмчийн салбарт харьяалагдаж 15 орон тоотой, 10 ортой үүний дотор төрөхийн 3 ор ажиллуулж  харьяалсан их эмч Данзан ажиллаж байсан байна. 1954 онд БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны арьс өнгөний халдварт өвчнийг эсэргүүцэх 8-р бригад ирж сумын ардуудыг улсын комиссын шинжилгээнд оруулах кампанит ажил эхлэв. Энэ бригад нь орос, монгол эмч, 2 бага эмч, 2 сувилагч, асрагч, тогооч, лаборанттай 5-6 машинтай, байр багаж хэрэгсэлтэй эмнэлгийн хүчтэй баг байв. Эмчилгээнд шинээр гарсан “Дициллин-3” тариаг өндөр тунгаар 6 сая хүртэл нэгжээр тарьж байсан ажээ. 1956,1957  онд тус суманд  дөрвөн барилга баригдаж ашиглалтанд орсоны нэг нь хүн эмнэлгийн барилга байлаа. Мөн оны 12 дугаар сарын 04-нд болсон  газар  хөдлөлтийн улмаас эвдэрч ашиглах боломжгүй болсон. Газар хөдлөх үед больницад өвчтөнүүд байсан ба байшин нуралгүй гүн хагарлууд тогтож, хүн эндэлгүй азтай явдал болсон юм. Газар хөдлөлтөөс шалтгаалан тус сумын төв нүүж одоогийн оршиж  буй Хэлтгий булгийн Өргөн дэргэд байгуулагдаж 1958 онд эмнэлгийн барилга 122000 төгрөгний төсөвт өртөгтэй, 13 өрөөтэй 190,8 метр квадрат ашигтай талбайтайгаар баригдаж ашиглалтанд орж  сумын иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламжыг үзүүлж эхэлсэн байна. 1958 оноос тус суманд их эмчийн салбар байгуулагдаж  анхны их эмчээр нь Цэдэн овогтой Дэмбэрэл эмч ажиллаж эхэлсэн ба 1960 онд хүн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын ГАЗ-67 маркийн машинтай болсон нь аймагтай анхных юм. Жолоочоор нь Г.Батхүлэг ажиллав. 1960 оноос Эрүүлийг хамгаалахын системийн хэмжээнд салбаруудын ажлыг дүгнэж эхэлсэн бөгөөд тус сумын эмнэлэг нь ажил дүгнэлтээр аймагтаа  салбар байгуулгуудын дотроос шалгарч 1985,1986,1987 онуудад тэргүүн байр, 1967, 1969, 1981 онд 3-р байр, 1968 онд 3-р байр, 1968 онд 4-р байр эзэлж шагнагдаж байжээ. 1961 онд их эмчээр Жигжид,1962-1964 онд  Батсуурь,1964 он-1965 онд Дамчаа,1965 оноос Товуусүрэн томилогдон ажиллаж байжээ. Энэ үед тус эмнэлэг нь 15 орон тооны ажилчидтай, ор хоногийн төлөвлөгөө 2500, урьдчилан сэргийлэх тарилгын төлөвлөгөө 500,үзлэгийн төлөвлөгөө 8000, төсөвт 23000 төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөгдөн ирж төлөвлөгөөт ажлууд сайн биелэгдэж байсан байна. Больницын урсгал засварыг ажилчдын хүчээр засаж, нүхэн зоорь барьсан. Энэ үед Баянлиг суманд эм бараагаар үйлчилдэг байлаа. 1966 онд 59 хүн төрж 15 хүн нас барсан хүн амын цэвэр өсөлт 44 байжээ. Эмнэлгийн үйлчилгээ ажил байдал хэвийн хэмжээнд явагдаж ,эмнэлгийн үйлчилгээнд соёлч байдалыг нэвтрүүлж ирсэн ба биеийн тамир спортыг хөгжүүлэх ажилд их эмч Товуусүрэн чадамгай ажиллаж байжээ. Үүний дараа буюу 1968 оны 07 дугаар сарын 15-наас 1973 оны 07 дугаар сарын 20 хүртэл их эмч т.Сүхбат ажилласан байна.  Энэ үед жолооч Г.Батхүлэг, сувилагч Шадав, бригадын бага эмч Найнаахүү,сумын депутат тогооч Лхагваа нарын тэргүүний хүмүүч олон байлаа. 1970-1972 онуудад жилдээ 8000-9000 хүн үзэж 2500-2700 ор хоног ашиглаж, 1500 хүнд урьдчилан сэргийлэх тарилга хийж,  нийт 162 дуудлагад үйлчилж байжээ.
2023-10-03 11:15:32