ИТХ-ын даргын мэндчилгээ

БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ГАНБАТЫН АМАРЖАРГАЛ:  Говь хангайн цэнхэр орон, гурван бүсийн нутагтай, хонгор сайхан нутгийнхаа Их богд уулын өвөрт орших, Баянговь сумынхаа бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ зориулсан ачтай буянтай ахмадууд, ирээдүй хойч үе болсон залуу үеийнхэн, энэ цагийг эзэгнэсэн идэрчүүд болон Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч байгаа уугуул, суугуул иргэдийнхээ амар мэндийг айлтгаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж явахын өлзийт ерөөлийг өргөе. Миний бие сумын Засаг даргын албан тушаалд томилогдоод даруй 2 жилийн босгыг давах гэж байна. Цар тахалтай, ган зудтай, мал, амьтны гоц халдварт өвчин гэх мэт ээлж дараалсан хүнд цаг үетэй нүүр тулж, ард түмнийхээ хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр зүтгэлийн хүчээр хүнд цаг хугацаг даван туулж сайхан , цаг хугацаатай учран золгож, хамтдаа хийж бүтээсэн он жилүүдийг ардаа үдэж, хөгжиж дэвших өрнүүн сэтгэлтэй сумынхаа түүхт 80 жилийн ойтойгоо учран золгож байгаадаа баяртай байна. Баянговь сум маань мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж ирсэн арвин баялаг түүхтэй сум билээ. Цаашид ажлын байр нэмэгдүүлэх, гудамж хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, инженерийн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох,. иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан спорт заалтай болох зэрэг ажлуудыг төлөвлөн, Баянговьчууд бид ололт амжилтаа ахиулан Монгол үндэстний өв соёл, нүүдэлчин амьдралын хэв маяг, шинэ үеийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт бий болгосон, орчин цагийн шинэ хөдөөг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн олон түмний итгэл, сум орны хөгжил цэцэглэлтийн төлөө хичээн ажиллаж байна. Ган зудын нөлөөллөөс ХАА, МАА-н салбарт хүндрэл үүсэх нөхцөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлага ажиглагдаж байна. Цаашид МАА, газар тариалангийн салбарт баримтлах бодлогоо улам эрчимжүүлж, малын тэжээлийн ургамал тариалалт, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлуудыг бодлогоор дэмжиж ажиллана. Төрлөх сум маань хөгжин дэвшиж, ард иргэдийн минь аж амьдрал дээдлэн дэвжиж байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн бүхэнд ямар нэгэн боломж бий. Таны боломж бидний бодлого байх болно.

2022-11-02 15:21:02