Соёлын төвын товч танилцуулга

Соёлын төвын товч танилцуулга

            Баянговь сумын ууган байгууллагуудын нэг болох соёлын төв нь 1944 онд Улаан гэр нэртэй үүсгэн байгуулагдан олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 1952 оноос улаан булан нэртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 1960 -аад оноос клуб, 1985-н оноос соёлын төв нэртэй болсон нь соёлын үйл ажиллагааны цар хүрээ, боломж нөхцөл, үүрэг, зорилго зорилт нь өргөжөн тэлж, боловсронгуй болсоны илрэл юм.

1948-1949 онуудад “улаан булан” барих хөдөлгөөн өрнүүлж, Их –Богдын Ар цагаан бургасад мод (улиас) бэлтгүүлэх, хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ иргэн Рэндоо гар аргаар тоосго цохиж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгуулах улаан булан байртай болов.

1974 онд анхны хөгжмийн зэмсэг мандолинтай болсон бөгөөд анхны нийтийн бүжиг болох Хүмүүн төрлөхтөн, Задгай цагаан зэрэг бүжгүүдийг зааж сургаж байсан ба нийтийг цуглуулах шаардлагатай болоход сумын зарлага дун үлээж, дунгийн дуунаар хүмүүс цугладаг байв.

Одоогийн соёлын төв нь 2016 ашиглалтад орж 260 хүний суудалтай үзэгчийн танхим, 3100 гаруй номтой номын фонд бүхий уншлагын танхим, бүжиг анги, хөгжим анги гэсэн танхимаар иргэд, хүүхэд залуучуудад үйлчилж байна. 2007 оноос эхлэн үндсэн 5 орон тойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Соёлын төвийн бүтэц орон тооны хувьд:

  1. Соёлын төвийн эрхлэгч-Г.Сугар-Эрдэнэ
  2. Номын санч-С.Эрдэнэбилэг
  3. Хөгжмийн багш-О.Цэндсүрэн
  4. Бүжгийн багш-П.Хулан
  5. Үйлчлэгч М.Сайнтуяа

Дэргэдээ хөгжим, бүжгийн, найрал дуу, ерөөл магтал, уран уншлага, драм гэсэн дугуйлангуудыг хичээллүүлдэг ба тэдгээрээр дамжуулан өсвөр үе, хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэн ажиллаж байна.

2023-10-03 11:01:42