"Цагаан ямаат хоршоо"-г үүсгэн байгуулагч Ж.Өлзийбодьжавын тухай танилцуулга

            Жамбалын Өлзийбодьжав нь 1970 онд Баянхонгор аймгийн Жинст сумд айлын 8 хүүхдийн  1 нь болж төрсөн. Аав Д. Жамбал малын их эмчээр, ээж Г. Янжинлхам сумын нягтлан бодогчоор олон жил ажилласны ихэнх он жилүүдийг Баянхонгор аймгийн Баянговь сумд ажиллаж амьдарсан байдаг.

Дунд сургуульд сурлага, хөдөлмөрөөрөө манлайлагч байсан тэрээр машин техник оролдох өөрийн дур сонирхлоо даган 15 настайдаа ТМС-д элсэн орж 3 жил суралцаж дүүргээд авто механикч мэргэжлээр 1988 онд төгссөн.  Удалгүй 2 жилийн цэргийн албанд сайн дураараа татагдан, холбооны ангид цэргийн албаа нэр төртэй хааж 1990 оны 10 сард цэргээс халагдаж ирсэн. Түүнийг цэргээс ирэхэд социалист нийгмийн тогтолцоо задарч зах зээлийн эдийн засаг руу шилжих эхэн үе таарч, баталгаатай ажлын байранд томилогддог байсан цаг улирч,  хүн бүр өөр өөрийнхөөрөө амьжиргаагаа залгуулахын тулд шинээр санаж, сэдэх амаргүй цаг хугацаа байсан.

Улсын өмчит мал аж ахуйн нэгдлүүд татан буугдаж 1992 онд малыг малчдад өөрсдөд нь хувьчилж өгсөн. Малчид хувьчилж авсан малынхаа үс ноосыг борлуулах хэрэгтэй байсан бөгөөд урд нь улсын үйлдвэрүүд нь улсын өмчинд байсан малын ноос, ноолуурыг авч боловсруулдаг байсан бол энэхүү шилжилтийн үед тэдгээр үндэсний үйлдвэрүүд ч эзэнгүйдэж хаалгаа барьж эхэлсэн.

Ж. Өлзийбодьжав 1991 онд ХЭАА байгуулан, малчдаас түүхий ноос ноолуурыг худалдан авч Говь ХК болон БНХАУ-д борлуулдаг, мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг малчдад нийлүүлдэг худалдаа арилжааны бизнес эрхэлж эхэлсэн юм.

1996 онд ХЭАА-гаа нэг гишүүнтэй Баялаг Өлзий ХХК болгон шинэчлэн бүртгүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Өөрсдөө түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 2005 оноос эхлэн ноос ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулан өөрсдөө торомны ноос , сарлагийн хөөврийг ялган боловсруулан технологийг Монголд анхлан нэвтрүүлж, утас үйлдвэрлэж дотоодынхоо сүлжмэлийн үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн нь зах зээлд маш их эрэлттэй байлаа. Тэгснээр торомны ноос, сарлагийн хөөврийн үнийг тэмээний ноосны үнээс илүү өндөр тогтоосон. Одоогоор Баялаг Өлзий ХХК сарлагийн хөөврийн зах зээлийн 60%-аад хувийг эзэлж байна. 2005 оноос өнөөг хүртэлх 10 гаруй жилийн хугацаанд ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврийн түүхий эдийн үнэ жил бүр өсч малчдын орлого хэд дахин нэмэгдсэн.

Тэрээр 2008 оноос эхлэн боловсруулсан торомны ноосон болон сарлагийн хөөврөн утсаараа өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин 10-аад ажилтантай, 4 гар сүлжих машинтай анх сүлжмэлийнхээ үйлдвэрийг байгуулж байсан бол өдгөө жилдээ 100 000 ш бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрдлэх хүчин чадалтай,  100 гаруй ажилтантай үйлдвэр болон өргөжсөн. Баялаг-Өлзий ХХК-ийн үйлдвэрлэдэг BODIOS брэндийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн дотоод гадаадын зах зээлд хэдийнээ танигдсан брэнд болжээ. Нийт борлуулалтын 70% хувийг гадаадад экспортолдог бөгөөд үүнд ОХУ, Япон, Өмнөд Солонгос, АНУ болон европын хэд хэдэн оронд гаргаж байна.

Баялаг Өлзий ХХК 2012, 2017, 2021 онуудад шилдэг татвар төлөгч ААН, мөн 2017 онд шилдэг НДШ төлөгч ажил олгогчоор тус тус өргөмжлөгдсөн.

Ж. Өлзийбодьжав нь нам бус, бизнес эрхлэхийн сацуу, сайн санааны үйлс бүтээхээр хичээж, зах зээлийнхээ жамаар шударга өрсөлдөж, хөгжиж дэвжиж яваа бизнесмен юм.

Бизнесийн үйл ажиллагаанаас гадна Ж. Өлзийбодьжав нь ашгийн бус үйл ажиллагаа явуулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах олон ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд Говийн Сэргэлт Сан нэртэй ТББ-г 2001 онд байгуулсан.

Говийн Сэргэлт Сан ТББ нь өөрсдийн хийж хэрэгжүүлэхийг хүссэн төсөл хөтөлбөрүүдээ дангаар санхүүжүүлэх боломжгүй учраас хамтран ажилладаг гадаадын хувийн компаниуд болон төрийн байгууллагуудад хандан санхүүжилт босгож , тус дэм авч, хамтран ажиллаж байснаас дурдвал Монгол улсад суугаа Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ЭСЯ, Бээжинд суугаа Австралийн ЭСЯ, Turtle tours – АНУ Аризона дахь аялал жуулчлалын компани, Geo Ex – АНУ Сан Франциско дахь аялал жуулчлалын компани, MongoliAid International – Австралийн ТББ, Наадам Кашемир – АНУ бизнесийн байгууллага зэргийг дурдаж болно.

Бодиос ХХК-ний үйл ажиллагааны явцаас:   

Говийн Сэргэлт Сан ТББ-н хийж хэрэгжүүлсэн ажлаас дурдвал:

2001-2015 онд Говийн Сэргэлт Сангийн үйл ажиллагаа Баянхонгор аймгийн 2 сумдын эмнэлэгт нарны толь хандивласнаар эхэлсэн түүхтэй. Тэр үед сумдад цахилгаан оройдоо хоёрхон цаг л ирдэг байсан. Тэр үед шөнөдөө лааны гэрэлд эхчүүд төрдөг байсан, нарны тольтой болсноор эмнэлгүүд гэрэлтэй болсон. Дараа нь 11 сумдын эмнэлэгт угаалгын машин хандивласан. Дараа дараагийн жилүүдэд Авсрали улсаас хэд хэдэн удаагийн ачилтаар ирсэн хандивын хэдэн мянган хөнжил, гудас дэр, орны цагаан хэрэгсэл зэргийг хөдөөгийн сургуулуудын дотуур байр болон сумдын эмнэлгүүдэд хуваарилж, түгээсэн.  Түүнчлэн сумдын сургуулийн Англи хэлний сургалтанд ашиглах DVD тоглуулагчтай ТВ 9ш , мөн бага ангийнханд хичээлийн хэрэгсэл цүнх хандивласан.

УБ хотын тусгай сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд болон асрах газрын өнчин хүүхдүүдэд, Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт Австрали улсаас хандивласан 10 гаруй хос гутал, хувцас, тоглоом, гудас хөнжил зэргийг түгээсэн.

2001-2003 онд Зудын гамшигт нэрвэгдэн малгүй болж ядуурсан айлуудаас малч, хөдөлмөрч чанараар нь 40 айлыг сонгож тус бүрт нь 40 толгой төллөх насны эм ямаа өгч малжуулан амьжиргааг нь залгуулсан. Энэхүү тусламжийг хүртсэн айлууд өдгөө дунджаар нэг айл 300 малтай байна.

2003-2019 онд Тэмээчдийн баярыг санаачилан, санхүүжүүлж, Баянхонгор аймаг сумдын захиргаатай хамтран жил бүр тогтмол зохион байгуулж, тэмээгээ хамгийн их хувиар өсгөсөн малдыг алдаршуулан, урамшуулдаг, тэмээчид уулзан, харилцан туршлагаа солилцох боломж олгодог, хамгийн их үржил шимтэй тэмээг шалгаруулан, уралдуулдаг болсон. Энэ баярын үеэр тэмээчид хурдан тэмээгээ уралдуулан, бөхийн барилдаан сонирхож, концерт үзэж, нийтийн бүжиг бүжин цэнгэлддэг хүсэн хүлээдэг баяр нь болсон байна. Үүний үр дүнд 2003 оныг хүртэл тоо толгой нь жил бүр цөөрч, үр шим нь үнэгүйдэж байсан тэмээн сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж 2018 оны байдлаар тоо толгой нь 2003 оныхоос бараг 3 дахин өссөн байна.

2009-2012 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд цэвэр усны гүний худаг болон газар доорхи 1,8 км ус дамжуулах шугам хоолой, ус түгээх 4 байртай цэвэр усны байгууламжийг 300 гаруй сая төгрөгийн өртгөөр байгуулсан. Үүнээс өмнө сумын төвийн хүн мал аль аль нь гадаргын жижиг горхины усаар ундаалдаг байсан бол ийнхүү 3000 гаруй хүнийг гүний цэвэр усны хангамжтай болгосноор амьдралын чанар, эрүүл мэндийн нөхцлийг нь сайжруулсан.

2015  онд Баянхонгор аймгийн Баянговь сумын бүх малыг вакцинжуулж, угаалга тарилга хийн эрүүлжүүлэх компанит ажлыг 72,300 ам долларын өртгөөр хийж гүйцэтгэсэн нь сүүлийн 20 гаруй жил хийгдээгүй тасарсан ажил байсан. Мал хувьчлахтай зэрэгцэн монгол улсад тогтвортой, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байсан мал эмнэлгийн тогтолцоо үгүй болж малчин айл өрхүүд өөрсдөө малынхаа эрүүл мэндийг хариуцдаг болсон ч энэ ажлыг хийхэд хүн бүхэнд хангалттай мэдлэг, санхүүгийн эх үүсвэр байхгүй байгаа юм.

2018-2019 онд Баянговь суманд Наадам-цэцэрлэгт хүрээлэн байгуулж энэ оны 7-р сард ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэхүү цэцэрлэгийг 450 сая төгрөгийн өртгөөр байгуулж байгаа бөгөөд нийт 2 га талбайг хашаалж, тохижуулан, нийт 2000ш мод бут болон зүлэг, цэцэг тарьж, усан оргилуур байгуулан, олон арван сандал, саравчтай үлгэр жишээ ногоон байгууламжийг говийн бүсэд бүтээн байгуулж байна.

2014-2019 онд Говийн Сэргэлт Сан ТББ байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж Ирвэс Хамгаалах Сан болон Хустайн Нурууны тахь нутагшуулах төслүүдийг дэмжин, санхүүгийн дэмжлэг үзүүлэн  хамтран ажиллаж байна.

2021 онд Малчдын хамтын үйл ажиллагааг дэмжих Цагаан ямаат Баянговь хоршоо”-г байгуулах санаачлага гаргаж, зохион байгуулсан ба одоогоор тус хоршоонд 5 сумын 600 гаруй малчин өрх нэгдээд байна. Тус хоршооны үйл ажиллагаа хэдийнээ жигдэрч, малчид өөрсдийн түүхий эдээ дэлхийн зах зээлд шууд нийлүүлэх, түүний үр шимийг хүртэх бололцоотой болсон.  Мөн 2021 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд шинэ мал эмнэлэгийн байрыг бариж, мал эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд ирэх жилүүдэд зэргэлдээ сумдууд мал эмнэлэгийн салбарыг өргөжүүлэн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

  

2023-10-05 12:06:55