БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН  СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН  СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

Говь-Алтай нурууны ноён оргил Их Богд уулын баруун бэл Цагаан голын Дунд хар хошууны Цагаан овоо хэмээх газар 3-н гэр, 3-н багш ажилчидтай 3000 төгрөгний үндсэн хөрөнгөтэй 33 сурагчтайгаар 1946 оны намрын эхэн сарын шиний 3-ны өлзий буянтай билэгт сайн өдөр тулгын чулууг тавьж, өөдлөн дэвжих гал голомтоо асааж, ирээдүйг цогцлон бүтээж, эрдэмтэн мэргэдийн оюуны мэлмийг гийгүүлэх ариун их үйлсийн гараагаа эхлэж, өргөө гэрийнхээ үүдийг нээж, эрдмийн шимийг эгэл борхон жаалуудад сургах ажлаа эхэлсэн түүхтэй. Анхны захирал багшаар \Богд сумын уугуул\ Доржийн Дашдаваа, тогооч Дашдамба, нярваар Гэндэнжамц нар ажиллаж байв. Анхны үүсэл бүхэн нь монголчуудын эрхэмлэдэг гурав байсан учир тулгын гурван чулуу, тулах гурав цэг, оюуны гурван түлхүүр болсон буюу.

Сургууль байгуулагдахаас өмнө. Баянговийнхон хэрхэн сургуульд сурч боловсролтой болж байсныг  дурьдвал: Өвөрхангай аймгийн Баянзүрхийн бага, дунд сургууль, мөн Өвөрхангай аймгийн Баянзүрхийн хошууны Богд, одоогийн Жинст сумын Бодийн бага сургуульд суралцаж төгсөөд Баянзүрхийн дунд сургуульд 5-7-р ангиа төгсдөг байв. Үүнд Я.Чамин, Р.Дулам нар Бодийн бага сургууль \одоогийн жинст нутаг\ төгсөөд Баянзүрхийн дунд сургуулийг дүүргэж багш болцгоосон ажээ. 1946 онд тус суманд бага сургууль байгуулагдснаас хойш 4-р ангиа төгсгөж улмаар Баянзүрхийн дунд сургуулд дэвшин суралцах хуваарьтай байжээ.

1947-1948- оны хичээлийн жилд: хоёр анги нэмэгдэж Д.Дашдаваа, Баянговь сумын анхны сэхээтэн эмэгтэй багш Р.Дулам, Дамбадаръяа нарын 3 багштай 100 гаруй сурагчидтай болж, сулд мондны наадам, тэмдэглэлт өдрөөр концерт тоглодог, 22 зүйлтэй сурагчийн дүрмийг цээжлүүлэн мөрддөг, уран зохиолын дугуйлангаар шүлэг их цээжлүүлэн концерт тоглолт дээр уншуулдаг, Д.Нацагдоржийн “Ламбугайн нулмис” өгүүллэгийг шог гараа болгон тоглодог байв. Бид шог гараа сурагчдын концертонд оролцох гэж амьхандаа хичээдэг байв гэж 2 дахь жилийн сурагч Бадамдоржийн Цогвоогийн хэлснийг тэмдэглэн үлдээв. \Л.Маам\

1948-1949 оны хичээлийн жилд: Дахин 2 анги нэмэгдэж 5 ангитай болж сурагчид олноор суралцах болсон нь анхны сурагчид багш нар хөдөөгийн малчдад хүүхдээ сургуульд сургаж боловсрол олгохын чухлыг ойлгуулснаар сурагчдын тоо 150 хол давж захирлаар нутгийн уугал иргэн Гомбозэгвийн Жанчив, багш Я.Чамин, Р.Дулам, Л.Батбаяр, Б.Сосорбурам, Д.Лхагва нар ажиллаж байв.

Шигтгээ: Бага сургуулийн багш хүүхдүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 1950 онд 5-н багштай 150 гаруй сурагчидтай. Зөвхөн 1-р ангид 35 хүүхэд хүлээн авч байжээ. Энэ үед ард иргэдийг сургууль хүүхдээ өгч суралцуулахыг дэмжих зорилгоор сургуулийн сурагчдыг хагас сайн өдөр болгон үзэм, 10кг тарианы гурал өгч явуулдаг. Улирлын амралтаар сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийг шар тостой будаагаар дайлдаг байлаа. Энэ арга хэмжээ нь сургууль байгуулагдснаас хойших хоёр жилд уламжлал болон явагддаг байлаа. Мөн сургуульд хүүхдээ суралцуулаагүй эцэг эхчүүдийг торгууль оногдуулдаг, байранд суудаг хүүхдүүдийн эцэг эхээс хоол хүнс нийлүүлэх албан даалгавраас чөлөөлдөг байв.

Дурамж:-1. Сурагчид 10,10-аараа салаа, ангиараа нэг бүлэг болж салаа, бүлгийн дарга сонгон салааны дарга нар бүлгийн зөвлөлийн гишүүн болдог байв. Ийнхүү сурагчдын удирдах байгууллага байгуулагдаж, сурагчдыг сурагчдаар хүмүүжүүлэх ажил эхлэж байлаа.

Сурлага сахилга бат, урлага спортоороо шалгарсан хүүхдүүдийг пионерийн гишүүнд хамгийн түрүүнд элсүүлдэг байв. Пионерийн гишүүнд элсүүлэхдээ сурагчдын дүрмийн болон пионерийн дүрэм, улаан бүч, бүрээ бөмбөр, тэмдэг зэргийн тухай сайн ойлгож, мэддэг бэлтгэлийг хангах гэж маш том ажил болж багш сурагчидгүй онцгой ажил зохион байгуулж, сурлага сахилга, анги бүлгийн ажилд идэвх санаачлагатай оролцох зэрэг тусгай шалгуурыг тавьж биелүүлж байж элсэж пионерийн тэмдэг зүүж улаан бүч зүүх эрхтэй болдог байв. Пионерийн гишүүн хүн онцгой нэр хүнтэй, гишүүнчлэлд хамрагдаагүй хүүхдүүд гишүүн болохыг маш ихээр мөрөөдөн бэлтгэлийг хангадаг, ангийн пионерийн гишүүн хүүхдэд даалгавар өгч бэлтгүүлэн элсүүлдэг байлаа.

Хүүхдийн анхан шатны байгууллага байгуулагдан пионерийн удирдагчаар Я.Чамин , “Дружина” штабын даргаар 3-р ангийн онц сурлагтан М.Даштогоо сонгогдон хүүхдийг хүүхдээр нь удирдуулах анхны ажил эхэлж байлаа.

1949-1950 оны хичээлийн жилд: Баянлиг сумын харьяат Д.Мэндээхүү захирлаар С.Базар, Т.Шинжээхүү, Я.Чамин, Ж.Бямба нарын залуу багш нар ирж хөдөөгийн хөрслөг бор жаалуудад шинжлэх ухааны шим, эрдмийн охийг түгээж, анхныхаа төгсөлтийг хийж багш сурагчид эцэг эхийн маш том баяр болон тэмдэглэж, бага сургууль төгсөн гэрчилгээ хүлээн авч роол өгч бяцхан дайллага хийдэг байв.

1950-1051 оны хичээлийн жилд: Сургуулийн захирлаар Д.Мэндээхүү багш Я.Чамин, С.Базар, Ж.Бямба, пионерийн удирдагчаар Я.Чамин хавсран гүйцэтгэж байв.

1951-1952 оны хичээлийн жилд:  Баянцагаан сумын харьяат Даьаагийн Нямжав томилогдон ирж, Ж.Бямба, Н.Барвий, Д.Нямжав, Ядма, Д.Дашдаваа нар \5 ангитай\ үалуу багш Ж.Бямба пионерийн удирдагчаар хавсран ажиллаж, бүлгэмийн зөвлөлийн даргаар Х.Чанцал сонгогдон 22 зүйлтэй сурагчдын дүрмийг хүүхэд бүрт цээжлүүлж, дүрмийн заалтуудаас бүлэг бүлгэмийн зөвлөлийн дарга, гишүүд шалган асууж, дахин цээжлүүлдэг байсан.

1950 оны 10 сард: Сумын захиргаанын тэргүүлэгчдийн хурлаар “Бага сургуулийн ажлын явц, үр дүнгийн талаар” хэлэлцэн доорх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байжээ. “Суман дахь ардын бага сургууль нь шинэ хичээлийн жилд сурагчдаа цуглуулан, программт хичээлээ зохих журмаар хичээлүүлсэн боловч бусад аж ахуйн бэлтгэл ажил хангалтгүй байна. Сургуулийн түлшний 50%, сурагчдаас нэг хүүхэд дутуу, хоол ундны бэлтгэл хангалтгүй, Баянзүрхийн дунд сургуульд 10 сурагч одоог хүртэл явуулаагүй байна” гэж тэмдэглээд 11 дүгээр сарын 10-ны дотор явуулах, мөн хугацаанд  түлшний дутууг буулгахыг багуудын дарга нарт үүрэг болгосон байна. Сургуульд хүүхдүүдээ сургахын ач холбогдлыг өргөн сурталчлах, сургуульд элсэгчдийг нэмэгдүүлэх талаар багуудад албан бичгээр удаа дараа үүрэг өгч, төлөөлөгч томилон ажиллуулж байжээ.  

1952-1953, 1953-1954 оны хичээлийн жилд:  Сургуулийн захирлаар Д.Нямжав багшаар Ядмаа, Д.Дашдаваа, Н.Барвий, Ч.Авирмэд, П.Ням, Ж.Бямба, Б.Гэлэгшинэн нарын залуу багш 7 ангитай 220 сурагчидтай  хичээллэж, пионерийн удирдагчаар Ж.Бямбаа, бүлгэмийн зөвлөлийн дугаар онц сурлагтан Х.Чанцал, бүлэг, бүлгэмийн зөвлөлийн гишүүд удирдан шугаман жагсаал хийж, сурагчдын дунд зохиох соёл хүмшшжлийн ажилд сурагдчыг бүрэн оролцуулж, сурагчийн дүрмийг сурагч бүр дэвтрийн цаасаар өврийн дэвтэр хийж түүн дээр хичээнгүйлэн маш гоёор бичиж, заавал биедээ авч явдаг байв. Багш нар бүлэг бүлгэмийн зөвлөлийн дарга гишүүд сурагчийн дүрмийн тэдийн тэнд юу нэж заасан байдгийг \Тухайн сурагчийн дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд\ асууж, мэдэхгүй байх аваас заавал цээжлүүлж, шалгуулдаг журамтай байсан. Багш ажилчид, ахмад настай хүмүүс, бүлэг бүлгэмийн зөвлөлийн дарга гишүүдийг дэргэдүүр өнгөрөхөд номхон зогсож, ёсолж өнгөрөөнө. Тухайн хүнд хүндэтгэл үзүүлж байгаа хүн нь “Болно” гэхгүй бол зогсоод хоцордог байлаа... Хүнийг хүндэтгэж, хайрлаж байж өөртөө хүндэтгэл хайрлалыг хүлээдэг тул бага наснаас нь ахмад настан, ахас эхэсээ хүндэтгэх хүмүүжил олгож уламжлуулж байсан ажээ.

1954-1958 оны хичээлийн жилд:  захирлаар Ж.Бямба, багшаар Б.Цэвэгдулам, Р.Дэмчиг, Н.Ядмаа, Ч.Авирмэд, Д.Дашдаваа, Ц.Очирбат, П.Ням, Н.Батдорж, Ш.Сосорбарам,

1958-1964 оны хичээлийн жилд: захирлаар Я.Чамин багшаар Ч.Авирмэд, Ш.Сосорбарам, Ч.Доржсүрэн, Н.Батдорж, Р.Сумъяа, С.Сэрээ, Я.Бадрууш,  пионерийн удирдагч багшаар Ч.Авирмэд, Р.Сумъяа, Я.Бадрууш нар ажиллаж байв.

1964-1967 оны хичээлийн жилд: захирлаар Ц.Бадрай багшаар Г.Лхагва, С.Сэрээ, Я.Бадрууш, Н.Батдорж, Л.Маам, О.Жавзандулам, пионерийн удирдагчаар Я.Бадрууш, багш давхар гүйцэтгэж байв.

1967-1974 оны хичээлийн жилд: захиралаар Г.Лхагва, багшаар Л.Маам, Н.Батдорж, С.Сэрээ, Н.Лувсанпагма, Д.Сүхэнхүү, Ж.Галбаа, Д.Бадарч, Г.Баасанхүү, Д.Чулуунбат, Ө.Чулуунбат, Б.Цэрэнбат, пионерийн удирадагчаар Л.Маам \1966-1972\ Ж.Галбаа 1972-1974 онуудад ажиллаж байв.

1977-1990  оны хичээлийн жилд:  Л.Баатар захирлаар /1974-1977 оны 9 сар/, 1977 оны 9 сараас Ц.Бадрай нь сургуулийн захирлаар томилогдон  1990 оны 8 сар хүртэл ажиллав. Бага сургууль байх үед 1964-1967 онд хичээлийн эрхлэгчээр  ажиллаж байсан бөгөөд Баянговьчуудын эрдэм боловсрол, хөгжил цэцэглэлтэд үнэ хувь нэмэр оруулсан боловсон хүчний нэг юм.

Энэ үед одоо ашиглагдаж байгаа 320 хүүхдийн хичээлийн байрны суурь тавигдаж , 80 хүүхдийн  дотуур байр, /1986/ онд ашиглалтанд орж материаллаг баазын хувьд бэхжсээр байв.Тухайн он жилүүдэд нэгдсэн уурын зуухаар төвийн албан газруудыг бүрэн халаалдаг байв. Бүх ангиуд 2 бүлэгтэй  болж сургууль завсардалт эрс багассан үе байлаа. Нэгдсэн халаалттай болсон болохоор  сургуулийн техникийн ажилтнууд цөөрч, тогооч, үйлчлэгч, нярав, угаагч  сахиул гэсэн орон тоотой болсон. Энэ үед дотуур байр нь 240 хүүхэдтэй болж хүүхдийн тоо өсч байв. Мөн туслах аж ахуйтай болсон. Гахайны байр, ногооны зоорь,  талхны газрын барилгуудыг  аж ахуйн аргаар барьжээ. Малтай болсон. Эдгээр нь өөрийн орлогоороо аж ахуйн ойр  зуурын зардлаа нөхчихдөг, дотоодын хэрэгцээнийхээ нилээд хувийг хангадаг өгөөжтэй ажлууд болсон байна. Мөн өдрөөр суралцаж буй хүүхдийн тоо өсч  426 хүрсэн байна.

1990-1993 оны хичээлийн жилд:   Захирлаар Г.Баасанхүү ажиллаж байв. Хичээлийн жилийн 2 дугаар улирлаас Богд сумын 10 жилээс   Б.Бат-Энх, Н.Мөнхмаа, Д.Эрдмаа, Ж.Өлзийбат нарын  нэр бүхий 36 сурагч  /Баянговь Баянлиг Богд, Жинст/-ээс ирж   10 жилийн бүрэн дунд сургууль болон өргөтгөн, улмаар   анхны төгсөлтийг багш Ч.Уранчимэг, 2 дугаар төгсөлтийг  багш С.Эрдэнэ, 3  дугаар төгсөлтийг  багш С.Чинзориг   нар  анги удирдан тус тус  төгссөн.

1992 онд 3 дугаар анги төгсөгчдийг шууд 5 дугаар ангид дэвшүүлэн сургаж эхэлсэн бөгөөд энэ үеийг “ Үсрэлтийн болон шилжилтийн” үе гэж нэрлэж байлаа.

Мөн 1 дүгээр ангид элсэгчдэд худам монгол бичгээр цагаан толгой заалгаж эхэлсэн бөгөөд 3 дугаар ангиас нь кирилл үсэг заасан.

Энэ оны онцлох үйл явдал бол хөдөөгийн сургуулийн сурагчид гар бөмбөгийн тэмцээнд  эрэгтэй сурагчид аймгийн аварга болж улсад оролцох эрхийн мандатыг авч байлаа./ Б.Өнөбат, Д.Ганбат, Б.Эрдэнэбаяр, Ч.Норждагва, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогоо гэх сурагчид/

1994-1998 оны хичээлийн жилд: Энэ хичээлийн жилээс 8 жилийн статустай болж захирлаар С.Чинзориг захирлаар томилогдон ажиллав. Зах зээлийн шилжилтийн  үе үргэжилж сургууль маань хүндхэн замыг туулж байсан үе.  Энэ үед хичээл завсардалт ихээр өсч, дотуур байрын сурагчдын тоо 20-30, анги дүүргэлт  нэг бүлэгтэй болж хүүхдийн тоо 18-20 болж байсан.  Эдгээр бэрхшээл нь багш нараас огтхон ч хамааралгүй, нийгмийн байгуулал өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засагт шилжиж, хүмүүсийн ухамсарт” Хүний эрх” гэдэг ойлголт буруугаар төсөөлөгдөж байсантай холбоотой юм.  Үүний нэг үзэгдэл бол  их хувьчлал болж мал хувьд шилжснээр  хөдөөгийн  сум багийн сургуульд сурдаг хүүхдүүд мал дээр гарч байв.

1998-2004 оны хичээлийн жилд: захирлаар О.Дашдаваа ажиллаж байв. Шилжилтийн үе дуусах шатандаа орж, сургуулийн амьдрал тогтвортой болж эхэлсэн үе юм. Сургууль их засварт орж нам даралтын зуухаар халж сургалт хүмүүжлийн ажлын таатай орчин бий болох эхлэл тавигдсан.Засварыг Япон улсад суугаа элчин сайд тус сургуулийн төгсөгч С.Хүрэлбаатар “Өвсний үндэс” төслөөр хийж гүйцэтгэсэн.

2004-2013 оны хичээлийн жилд: Энэ хугацаанд захирлаар Н.Одончимэг томилогдон ажилласан. Сургуулийн хүүхдийн тоо өсч  2005-2006 оны хичээлийн жилээс бага дунд ангиуд тус тусдаа хичээлийн эрхлэгчтэй болсон. Анхны 9 дүгээр ангийн 9а ангийг багш Ш.Цэндсүрэн, 9б ангийг Ж.Цэрэнпагма нар тус тус төгсгөсөн.

2006 онд сургуулийн 60 жилийн ойгоо тэмдэглэж, баяр наадам хийж, ахмад багш Л.Маам “Баянговь Эрдмийн далай” гэсэн ном бүтээсэн нь их түүхээ товчоолон  үлдээх анхны оролдлого болжээ. Н.Одончимэг багш нь захирлаар ирээд удаагүй байхдаа албан хаагч нартайгаа ярилцаж зөвлөлдөн “Эрдмийн далай” гэсэн нэрийг өгч байжээ.

2014-2023 оны хичээлийн жилд:  Энэ онуудад  Цэвээнхүүгийн Буянтогтох нь  захирлын сонгон шалгаруулалтын шалгалтанд тэнцэн уугуул нутагтаа ирж захирлаар томилогдон ажиллаж байна.

2023-10-02 14:37:00